2021 оны төгсөгч А.Мөнх-Оргил : ЭЕШ-д 800 оноо авах амаргүй. Гэхдээ тийм байх албагүй.
Намайг А. Мөнх-Оргил гэдэг. Өнгөрсөн жил “Шинэ эхлэл” сургуулийг төгссөн. ЭЕШ-таа Англи хэл, Математик, Физик гэсэн 3 хичээлээр өгч Математик 660, Физик 720, Англи хэл 800 оноо авсан. Энэ жил их сургуульд суралгүй бие даан программист чиглэлээр сурч байна.
Би ЭЕШ эхлэхээс өмнөх нэг сарын хугацаанд тууштай бэлдэж эхэлсэн. Миний харсан туршлагаас хүүхдүүд жилийн өмнөөс ч юм уу, нэлээн эртнээс бэлдэж эхэлдэг. Ингэхээр удаан бэлдсэн ч мартагдах, залхах зэргээр сайтар чанартай бэлтгэл болдоггүй. Яг бэлтгэлийн хувьд шалгалтын материалаас илүү ерөнхий мэдлэгээ сайжруулж, яагаад тухайн хичээл хэрэгтэй гэдгээ тунгаах явдал юм. Зөвхөн шалгалтад зориулж бэлдэхийн оронд өөр сонирхлынхоо хүрээнд кино үзэх, сэтгүүл унших зэрэг сонирхолтой аргуудыг туршаад үзээрэй.
Англи хэлний шалгалтад ихэвчлэн академик цээжлэх зүйлсээс илүү ихэнх асуултууд нь харилцан ярианы чадварыг шалгадаг. Өөрөө Англи хэлийг хэрэглээндээ ашиглаж чаддаг бол тэдгээр даалгавруудыг давахад хялбар болно. Тестийн материал ажиллахаас гадна практик байдлаар давтах нь чухал.
Миний хувьд нэг өдөр 3 хичээлийнхээ тестүүдээс нэг нэг хувилбар ажиллаад алдаагаа засаад, мэдэхгүй сэдэв гарвал судлах замаар бэлддэг байсан. Мөн дээрээс нь хамгийн чухал бэлдэх ёстой зүйлсийн нэг нь бол цагтай ажиллах. 100 минутын тестийг 60 минутад ажиллаад үлдсэн хугацаандаа хариултын хуудсаа бөглөх, хийсэн тестээ хянахдаа зарцуулж сурах хэрэгтэй. Зөвхөн тест биш давхар сэдэв сэдвээр нь авч судлах нь өгөөжтэй санагдсан.
Манай гэр бүлийн хувьд бүх цагаа хичээлдээ зориулах нөхцөлийг олгож сатаарах зүйлсийг багасгаж байсан нь өндөр оноо авахад асар их тусламж болсон гэж боддог. Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдэдээ хичээл хийх орчныг нь бүрдүүлж, анхаарлаа төвлөрүүлэхэд нь туслах, сэтгэлзүйн хувьд дэмжих нь маш том нөлөө үзүүлдэг шүү гэж хэлмээр байна.
ЭЕШ-д 800 оноо авах амаргүй. Гэхдээ тийм байх албагүй.