International Students Science Fair 2025
2025 оны 01 сарын 26-наас 31-ний өдрүүдэд Тайландын Вант улсын Бангкок хотын Махидол Виттаяанусорн сургуульд зохион байгуулсан “International Students Science Fair 2025” арга хэмжээнд “Шинэ эхлэл” сургуулийн баг амжилттай оролцлоо. Тус арга хэмжээнд Олон улсын шинжлэх ухаанч сургуулиудын холбооны гишүүн 18 орны 42 сургуулийн 214 суралцагч, багш нар шинжлэх ухааны судалгааны ажлаараа оролцсон бөгөөд “Шинэ эхлэл” сургуулиас 11Б ангийн суралцагч Ш.Анар, М.Хонгорзул, 10Б ангийн суралцагч Т.Маралжин, багш Г.Оюун, захирал Н.Оюунгэрэл нар оролцлоо.
Суралцагчид Ж.Батхишиг багшийн удирдлага дор судалсан “Making the Casein Supplement from Skim Milk” сэдэвт судалгааны ажлыг аман болон постер илтгэл хэлбэрээр танилцуулж, “Innovative Project Award” шагнал хүртсэн. Мөн судалгааны ажлын агуулгыг илэрхийлсэн “Art of Science” төрөлд 11Б ангийн суралцагч Э.Бадрахын “Alchemies of Kindness” бүтээл хүрэл медаль хүртлээ. Мөн суралцагчид хамтран байгалийн ухааны туршилт хийж, соёлын болон экскурс хичээлүүдэд хамрагдаж, багш нар туршлагаа хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлэн, сургалт хийлээ.
Биднийг дэмжин тусалсан эцэг эх, асран хамгаалагчдад болон ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Б.Майзул эрхлэгчтэй Биотехнологи, шим тэжээлийн тэнхимийн хамт олонд баярлалаа.