
Newbeginning
Posts by :

2025 оны 01 сарын 26-наас 31-ний өдрүүдэд Тайландын Вант улсын Бангкок хотын Махидол Виттаяанусорн сургуульд зохион байгуулсан “International Students Science Fair 2025” арга хэмжээнд “Шинэ эхлэл” сургуулийн баг амжилттай оролцлоо. Тус арга хэмжээнд Олон улсын шинжлэх ухаанч сургуулиудын холбооны гишүүн 18 орны 42 сургуулийн 214 суралцагч, багш нар шинжлэх ухааны судалгааны ажлаараа оролцсон бөгөөд “Шинэ эхлэл” сургуулиас 11Б ангийн суралцагч Ш.Анар, М.Хонгорзул, 10Б ангийн суралцагч Т.Маралжин, багш Г.Оюун, захирал Н.Оюунгэрэл нар оролцлоо.
Суралцагчид Ж.Батхишиг багшийн удирдлага дор судалсан “Making the Casein Supplement from Skim Milk” сэдэвт судалгааны ажлыг аман болон постер илтгэл хэлбэрээр танилцуулж, “Innovative Project Award” шагнал хүртсэн. Мөн судалгааны ажлын агуулгыг илэрхийлсэн “Art of Science” төрөлд 11Б ангийн суралцагч Э.Бадрахын “Alchemies of Kindness” бүтээл хүрэл медаль хүртлээ. Мөн суралцагчид хамтран байгалийн ухааны туршилт хийж, соёлын болон экскурс хичээлүүдэд хамрагдаж, багш нар туршлагаа хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлэн, сургалт хийлээ.
Биднийг дэмжин тусалсан эцэг эх, асран хамгаалагчдад болон ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Б.Майзул эрхлэгчтэй Биотехнологи, шим тэжээлийн тэнхимийн хамт олонд баярлалаа.
Цайны газрын түрээслэгчийн сонгон шалгаруулалт
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчит, ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” сургуулийн цайны газрын түрээслэгчийн сонгон шалгаруулалтад урьж байна.
International Schools’ Sports Day – 2025
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчит, ерөнхий боловсролын сургуулиудын багш, ажилтны “Спортын наадам-2025” тэмцээн 01-р сарын 14, 15-ны өдрүүдэд, спортын 5 төрлөөр “Монгол тэмүүлэл” сургууль дээр боллоо. Энэ удаагийн тэмцээнд олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл”, “Шинэ эрин”, “Монгол тэмүүлэл” сургуулиудын багш, ажилтнууд амжилттай оролцлоо.
Тус тэмцээнд багийн дүнгээр Гадаад хэлний мэргэжлийн багш нарын бүлгийн баг тэргүүлж шилжин явах цом хүртлээ. Мөн Аж ахуйн 1-р багийн хамт олон 2-р байрт, Математикийн мэргэжлийн багш нарын бүлгийн баг 3-р байрт тус тус шалгарлаа.
Амжилттай оролцсон олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл”, “Шинэ эрин”, “Монгол тэмүүлэл” сургуулиудын багш, ажилтнууддаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсье.
Ажлын байрны зар
“Шинэ эхлэл” олон улсын хөтөлбөртэй, төрийн өмчит сургууль дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.
1. Эмч
2. Байгалийн ухааны лаборант
Мэндчилгээ
“Шинэ эхлэл” ОУХСС-ийн багш, ажилтан, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчид, хамтрагч байгууллагууддаа ирж буй шинэ жилийн мэндийг өргөн дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
“UB Robot Challenge 2024” робот технологийн тэмцээн
Хүүхэд залуучуудын шинжлэх ухаан, технологи, инженерчлэлийн боловсролыг дэмжих, техник сэтгэлгээ, робот сонирхогчдыг хөгжүүлэх, туршлага солилцох зорилготой “UB Robot Challenge 2024” тэмцээнийг Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар, Монголын роботын боловсролын нийгэмлэгээс хамтран зохион байгууллаа.
Тус тэмцээний “FLL Unknown mission” төрөлд 10А ангийн суралцагч Г.Нямбаяр, 10Б ангийн суралцагч А.Өсөх-Ирээдүй, 8А ангийн суралцагч Т.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй “Tobot” баг 3-р байрт шалгарч, мөнгөн шагнал хүртсэн бол “Регби тоглодог роботууд” төрөлд 12Б ангийн суралцагч С.Ананд, Б.Бишрэл, Х.Мөнх-Очир нарын бүрэлдэхүүнтэй “Top H” баг 4-р байрт шалгарлаа. Мөн “Шугам дагадаг робот”, “Лего сумо”, “Регби тоглодог роботууд” төрлүүдэд 9 суралцагч амжилттай оролцлоо. Амжилттай оролцсон багш, суралцагчид, сайн дурын ажилтан суралцагчдадаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсье.
Төрийн дээд шагнал хүртлээ
Шинэ жилийн баярын босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гарган, эрдэм билиг, хичээл зүтгэл, олон жилийн хөдөлмөрөө төрдөө үнэлүүлж, төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-оор захирал Н.Оюунгэрэл, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар дизайн, технологийн багш С.Цолмон нар шагнууллаа. Төрийн дээд шагнал гардан авсан багш, ажилтнууддаа аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Outstanding Cambridge Learner Awards Ceremony
Кембрижийн Олон улсын боловсролын Зүүн Азийн бүсийн төвөөс Монгол улсад анх удаа Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг сургуулиудын шилдэг суралцагчдад шагнал гардуулах “OUTSTANDING CAMBRIDGE LEARNER AWARDS MONGOLIA” үйл ажиллагаа Орчлон сургууль дээр зохион байгуулагдлаа.
2024 оны хаврын шалгалтын дүнгээр Кембрижийн шалгуулагчдыг
-High achievement /түгээмэл заагддаггүй хөтөлбөрөөр өндөр амжилт үзүүлсэн/
-Top in Mongolia /түгээмэл заагддаг нэг хөтөлбөрөөр хамгийн өндөр амжилт үзүүлсэн/
-Best Across /тухайн түвшиндээ хамгийн өндөр амжилт үзүүлсэн/
-TOP in the World /нэг хөтөлбөрөөр дэлхийд хамгийн өндөр оноо авсан/ гэсэн 4 ангиллаар шалгаруулсан байна.
Нийт 11 сургуулийн 49 суралцагч 57 шагналын эзнээр тодорсон бөгөөд “Шинэ эхлэл” сургуулийн 5 суралцагч шагнал хүртлээ.
12б ангийн сурагч Б. Дөлгөөн – Ахисан шатны математик-AS түвшний шилдэг суралцагчаар шалгарлаа.
2024 оны төгсөгч Д. Доржпалам – Хими A түвшний,
12б ангийн сурагч Л. Баяржавхлан- Хими AS түвшний,
11б ангийн сурагч Н. Анар – Хими IGCSE түвшний,
11б ангийн сурагч Э. Баярсайхан- Зураг Дизайн IGCSE түвшний шилдэг суралцагчдаар шалгарлаа.
12б ангийн сурагч Б. Дөлгөөн -АS level-ийн шилдэг суралцагчаар шалгарлаа.
Хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрөө үнэлүүлсэн нийт суралцагчид, тэднийг бэлдсэн эрдэмтэн багш нар, байнга дэмжиж тусалдаг эцэг эх, асран хамгаалагч нартаа сургуулийн захиргаа, хамт олныхоо өмнөөс баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.
“Hangzhou Grand Slam 2024” таеквондогийн нээлттэй тэмцээн
Энэ удаагийн тэмцээнд 8 улсын 1900 гаруй тамирчид оролцсоноос “Шинэ эхлэл” сургуулийн 9Б ангийн суралцагч Г.Биндэръяа 3 төрөлд оролцож, 1 алт, 2 хүрэл медаль хүртлээ.
Ганцаарчилсан пүмсэ төрөлд алтан медаль
,
Ганцаарчилсан тулаан төрөлд хүрэл медаль
,
Таеквондо аэробик төрөлд хүрэл медаль
хүртлээ.
Амжилттай оролцсон Г.Биндэръяадаа халуун баяр хүргэе. 


Мэндчилгээ
“Шинэ эхлэл” ОУХСС 2011 оны 11-р сарын 28-ны өдөр байгуулагдсан билээ.
“Шинэ эхлэл” ОУХСС үүсгэн байгуулагдсаны 13 жилийн ойн баярын мэндийг багш, ажилтан, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчид, үе үеийн төгсөгчид болон хамтран ажиллагч байгууллагууддаа хүргэе.